Монголчууд нэгэн үе Хятадыг эзэлж бас нэгэн эрин Манжид эзлэгдэж байв. Хамгийн сонирхолтой нь нэг нь 100 орчим жил, нөгөө нь 300 гаруй жил оршин тогтнохдоо Монгол Хятад холилдон амьдарч байсан ч Монголчууд хайлж уусалгүй үндэс угсаагаа хамгаалж үлдсэн нийтлэг онцлогтой байдаг. Учрыг нь нягталж хужрыг тунгааж үзвэл бүгд Хятад хүнтэй суухыг цээрлэж, хориглож байсантай холбоотой байв. Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгээс шинээр найруулж 2003 он хэвлүүлсэн “Монгол Улсын түүх”-д “Юан гүрний хаад Монголчуудыг Хятадтай холилдон уусах явдлаас сэргийлж Монгол, Хятад хүмүүс ураг холбох, Монгол хүн Хятад хувцас өмсөх, Хятад зан заншилд орох зэргийг хуулиар чандлан хориглож байжээ”(1) хэмээн тэмдэглэсэн нь үндэслэл гүй зүйл биш юм. Рашпунцагийн “Болор эрих”-д тэмдэглэснийг үндэслэвэл, Юань гүрний үед шадар сайд Даштөмөр: "Монголын аливаа угт хүн бээр бэлэвсрэлийн хэрэг үйлдэхдээ Монголын язгуурын ёсоор болтугай. Эдүгээ заримууд хятадын ёсыг дуурайж бэлэвсрэгчид буй амуй. Үүнээс хойш, тийм ардыг цөм цаазалсугай” хэмээсэн айлтгасанд Есөнтөмөр хаан зөвшөөрч айлтгасан ёсоор явуулж байсан(2) нь үүний нэгэн жишээ юм. Рашпунцагийн ойлгож байгаагаар “Тэр цагт манай Монголын зарим нэгэн овт ард язгуурын бэлэвсрэх ёсоо гээж, Хятадын цагаан хувцас өмсөх тэргүүтэн элдэв зүйл ёсыг нь дуурайхуйд тийнхүү хаан жигшиж цаазлуулсан” (3) байна.